A Leaf in the Wind
Copyright © Adrian Feldmann 2005
First published 2005
National Library of Australia Cataloguing-in-Publication data:
Feldmann, Adrian, 1943 – ,
A leaf in the wind: a life’s journey
ISBN 0 7344 0813 7
1. Feldmann, Adrian, 1943 – ,
2. Buddhist monks – Australia – Biography.
3. Physicians – Australia – Biography.
4. Australia – Biography. 1. Title
294 3092
Оршил
Би бээр хэзээд ажиглагч, бодлогошрогч бас мөрөөмтгий нэгэн байлаа. Бүр бага байхаасаа л дэлхий ертөнцийн үзэгдэл юмсыг ялган салган бодож, өсөхийн цагт бидний амьдарлын ээдрээт нугачааны цаана амьд амьтад бүгд зовлонг үл хүсч зөвхөн жаргалыг хүсэх ганцхан зүйлээр нэгддэг болох нь надад аажмаар тодорхой болсон юм. Тэгэвч бид өөрсдийн аз жаргалдаа ташууран, өчүүхэн хувиа бодсон тэнэглэлээрээ өөрсдийн гачлан зовлонгоо улам л нэмсээр байдаг аж. Жаргалтай сайхан цагт өрсөлдөөн нь бидэнд баяр хөөр авчирдаг бол байдал нэлээд нухацтай болж ирэхэд нөгөөх тоглоом дуусч нулимс болон хувирдаг. Тоглож байгаа жаалхан хүүхдүүдийг хараарай л даа, минийх гэх сэтгэл илт давамгай болоход тэр ид шидээр дүүрэн баяр баясалтай мөч тэрхэн дорхноо алга болж маргаан мэтгэлцээн болон хувирдаг. Насанд хүрэгсэд бид тэднээс нэг их ялгагдаад байдаггүй: бид зүгээр л том жаалууд юм. Бидний тоглоом ээдрээтэй авч хувиа бодох үзэл маань тэр жаалуудийнхаас багдаад байдаггүй билээ.
Биеээр эдлэх зовлонгоос эхлээд хэлээр үйлдэх, сэтгэл зүйн дарамтаар бусдыг хучирхийлэх нь миний хувьд хэзээд байж болшгүй зүйл байдаг байсан боловч миний өөрийн сэтгэлд энэ бүгд байсаар байсан юм. Би эд бүгдийг хүсээгүй боловч үүнээс салахын тулд юу хийхээ мэддэггүй байлаа. Бусдын л адил уур, дургүйцэл, үзэн ядалтаа илэрхийлэх нь зарим үед илүү хялбар санагддаг байсан. Гэвч тэр уур, үзэн ядалтын ул мөрөөс сэтгэлд таагүй мэдрэмжүүд төрж аж жаргалыг маань хорлохын сацуу сэтгэлийн зовлонг маань ч нимгэлж чаддаггүй байлаа. Нөгөө талаас энэрэхүйн сэтгэлээр бусадтай харьцдаг хүмүүс аж жаргалтай бөгөөд амьдралдаа саад тотгориг төбөггүй даван туулж байдгийг би ажиглаж мэдсэн билээ. Энэ нь тийм ч суут ажиглалт биш боловч “Хэрвээ аз жаргал бусдыг гэх сэтгэлээс, зовлон нь хувиа хичээх сэтгэлээс гардаг гэж үзвэл аз жаргал яагаад үзэгдэх төдий мэт өнгөрч, яагад бид гуниж гутарсаар хоцордог юм бэ?” гэсэн асуулт гарна. Өөрөөр хэлбэл "Яагаад бид бусдыг хайрлаж, аминч үзлээ таягдан хаяж чаддаггүй вэ?".
Энэхүү ном нь дээрх асуулын хариуг хэрхэн хайж олсоныг минь өгүүлнэ.
Хэрэв бид хувь хүний хариуцлагаа ухамсарлан, дор бүүрнээ хувиа бодох үзэл, шунал ба үзэн ядалттайгаа тэмцэж чадвал энэ бүх байдал сайжрахад ямар нэгэн байдалаар боломжтой болж болох юм. Дэлхий дээрх энх амгалан байдал нь хүн зоны үл-хорлох сэтгэлээс хамааралтай ба хүч хэрэглэснээр хэзээ ч бид үүнд хүрч чадахгүй. Дайны хийрхэлийг дөлгөөн тайван зан чанртай улс төрчид л зогсоож чадна. Тиймээс бүгдээрээ ийм улс төрчид болцгооё л доо.
Хагарал зөвхөн гадаад ертөнцөд болдог зүйл бишээ: бидний сэтгэлийн дотоод амар амгалангаа хайх оролдлогууд маань байнга бүтэлгүйтсээр байдаг. Хувь хүний жаргал маань бидний хань, эд зүйлс, нэр хүнд болон бусдаас ирэх хайр дээр тогтож байдаг. Гэвч эдгээрийн аль нь ч баталгаагүй. Бид өөрсдийн биеэ ч өвдөхгүй, хөгшрөхгүй гэж итгэх аргагүй. Сэтгэл дүүрэн байх тэрхэн мөч дахин дахин бидний гараас мултран алслагдана. Амин хувийн жаргалаа хөөх бидний эцэс төгсгөлгүй оролдлого цөөрмийн усанд хөвөх жимсийг хазах гэж оролдож буй яст мэлхийтэй адил мэт. Тэрхүү жимс дандаа л биднээс мултран холдоно. Хэрэв бид тэр жимсийг хортой гэж мэдээд, цөөрмийн ёроол дахь тэр олон лянхуяа цэцгийн үндсийг хамгийн дээдийн амттан гэж танивал цөхрөнгөө баран бүтэлгүйтэхээ больж, бусдад тусалж бусдын төлөө амьдрахад суралцахсан билээ.
Миний түүх хэрхэн яаж миниймхэрлэн барих үзлийг тэвчих хийгээд төгсгөл үгүй тэр бадамлянхуа цэцгийн цэнгэл жаргалыг амсах тухай өгүүлэх юм.
Зохиогчийн тухай бага сага
Адриан Фэлдманн 1943 онд Австралийн Мэлбурн хотод төрж, Түвдийн Буддын уламжлалаар хувраг болсон анхны барууныхны нэг болсон юм. Гурван жилийн ганцаарчилсан даян бясалгалынхаа өмнөхөн тэрбээр өөрийн дотоод болон гадаад эрэл хайгуул нь хэрхэн түүнийг Балба улс руу хөтөлсөн хийгээд 1970 аад оны эхээр Лама Түвдэн Ишэ, Лама Зопа Ренбүүчи гэх түвд лама нартай учруулсан тухай эргэн дурсаж байна. Тэд Буддизмыг барууныханд анх таниулсан улсын нэг байсан юм.
1970 аад онд залуу эмч бас хиппи (hippie) Адриан Фэлдманн оюун сэтгэцэд нөлөөлөх хар тамхийг туршихийн хажуугаар Азийн мистиззисмийг сонирхон судлагч нэгэн байлаа.
Амьдралын зорилгоо ямар нэгэн энгийн зүйл байх ёсгүй гэж тодорхойлсон тэрбээр аялалдаа гарсан юм. Хиппи найзуудаа даган тэрээр исламын агуу хүчийг бишрүүлсэн Афганистанаар гараагаа эхлсэн. Тао философиор урам зоригоо сэргээн хэдэн нөхдийн хамт эрх чөлөө, өөр амьдралыг хайхаар Индус гол уруудан завиар аялжээ. Түүний олсон зүйл нь Буддизм руу хөтөлсөн зам байсан юм.
Энэхүү хувь хүний аз жаргалаа хайсан эрэл ихэнхдээ аядуу таатай авч заримдаа цочролд хүргэсэн мөчүүдийг дайран өнгөрчээ. Фэлдманн өөрийн хэлэх гэсэн санаагаа илэрхийлэхдээ амьдралдаа хийсэн алдаагаа нуусангүй. Тэрээр, аминч үзэл биднийг аз жаргалаас маань холдуулаад зогсохгүй хэвшил болсон сэтгэл хөдлөлийн саад бэрхшээлүүдийг улам дэвэргэдэг гэдгийг бидэнд ойлгуулахыг хүссэн юм. Түүний зам мөр бол хувиа хичээх үзлийг устгах ба түүний намтар бол орчин цагийн бидэнд үлдэх сургаал билээ.
Анх би Буддын Сургаальтай учрахад энэ сургааль надад зовлонгийн шалтгаан бол амин хувиа хичээх үзэл гэдгийг батлаж өгсөн юм. Хувиа бодох нь биеэ тоох, шунал ба уур гэх аз жаргалыг эрж олоход маань хор болсон сэтгэл хөдлөлүүд буюу хорт сэтгэлийг бий болгодог.
Хамгийн чухал нь Буддын сургаалиуд миниймхэрлэн барих сэтгэлийг хэрхэн дарах арга замыг заадаг юм. Асуудал бидний сэтгэлд байгаатай адилаар үүний шийдвэр нь ч бас бидний сэтгэлд л байна. Тэдгээр хорт муу сэтгэлийн хөдөлгөөнийг хүсдэггүй гэж бид өөрсдөө хүлээн зөвшөөрч болох ч бидний байгаа байдал энэ хүслийн маань эсрэг зүйл болон хувирсан байдаг. Бидний хүссэнээр амьдрал үргэлжлэхгүй болмогц уурлан цухалдаж, бахархал омогшил, хүсэл тачаалаа зүрхнийхээ хамгийн сайн нөхөр болгон нандигнан хадгална. Бид бусад хүмүүс болон эд хогшил маань сэтгэлд хүрэхээ болиход тэднээс маш амархан бурууг нь хайж олцгоодог. Хааяа л нэг бусдад буруугаар хандаж байгаагаа ухаарч ухамсарладаг. Өвчний шалтгааныг мэдсээр байж зөв эмийг нь уухгүйтэй адил зовлонгийн үндэс нь миниймхэрлэн барих үзэл гэж мэдсэн ч ерөндөг нь болсон билиг-билгүүн хийгээд энэрэн нигүүлсэхүйг бий болголгүйгээр бидэнд энэ мэдлэг ач тусаа өгөхгүй ээ. Үүнийг хэрхэн яаж сэтгэлдээ үүсгэх вэ гэвэл бид өөрсдийн сэтгэлээ таньж, сэтгэл дэхь муу зуршлаасаа салахад тохиолдох бэрхшээлүүдийг хэрхэн даван гарах вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Энгийн үгээр бол оюун санаандаа компьютер тоглоом тоглож байгаатай адил юмаа. Бид дотоод хусэл зорилгодоо хүрэхээр тэмүүлж байхдаа сэтгэл доторх гэнэтийн олон саадыг танин мэдэж, даван туулах ёстой. Христийн шашинд Чандмань Эрдэнийг хайх нь тэр хувь хүний Бүтээгч Эзэнтэй нэгдэх нууцлаг нэгдлээ төгс төгөлдөрт хүргэх дэвшил гэж зүйрлэвэл Буддын Сургаалийн Чандмань Эрдэнэ бол бидний сэтгэлийн билиг-билгүүн болон энэрэн нигүүлсэхүйн нэгдэл билээ. Эзэнтэй нэгдэхүй болон билиг-билгүүн энэрэн-нигүүлсэхүйг сэтгэлдээ бий болгох нь нэгэн адил агаад ижил зүйл гэдэгт би бээр итгэнэм.
Чандмань Эрдэнээ олох эрэлдээ би хүний нийгмээс бүрэн тусгаарлагдах гурван жилийн бясалгалаа эхлэх гэж байна. Үүнээс богино ч бас урт ч айж болно. Энэ бясалгал нь гадаад ертөнцөөс тусгаарлагдан ямар ч харилцаа холбоогүй байх юм. Хоол хүнсийг маань бэлдэх хүмүүс ч харагдах ч үгүй сонсогдох ч үгүй байх болно. Тасалгааны маань хана миний хөдөлгөөний хязгаар болох агаад мод цэцэг тарих, унших, бичих ба орон байраа гоёж чимэглэхэд би цагаа үл зарцуулна. Эдгээр үйл нь юмсын мөн чанарыг таних (*) зорилгод минь харшлах болно. Анхаарал, сэрэмж болон төвлөрлийн тусламжаар хүрэх миний зорилт бол сэтгэл хөдлөлөөр цалгисан мөрөнгөө билиг билгүүний дөлгөөн их тэнгисийн зүгт нийлүүлэх билээ.
Будда хоёр мянга таван зуун жилийн өмнө Энэтхэгт хан хүү болон мэндэлжээ. Төвдийн Буддын шашны уламжлалаар тэрээр аль хэдийн үхэх төрөхийн эргэлтээс гэтэлсэн, гэгээрсэн байсан юм. Ийнхүү төрсөн нь тэрээр бусдыг зовлонгоосоо гэтлэн, мөнхийн аз жаргалд хүрэх хүслийг бадраах арга нь байлаа. Магад гарахуй (renunciation), их нигүүлсэл (бодь сэтгэл, bodhicitta), юмсын мөн чанарыг үзэх билиг билгүүн (wisdom) гурав нь зовлонгоос гэтлэх зам мөр гэдгийг өөрийн амьдрал болон бусдад айлдсан сургаалиараа заасан юм. Будда хааны ордны жаргал цэнгэл, тансаглалыг орхин даянч иог болсон нь бидний аз жаргал хэмээн үздэг таван мэдрэхүйн тааламж, тэдгээрт харгалзах биетүүд найдваргүйг харуулсан хэрэг. Бидний жаргал хэмээн бодох эдгээр нь мөнхийг жаргалыг өгч чадахгүй ба үүнд дурлан автах нь биднийг өвдөх, хөгшрөх болон үхэхийн зовлонроор мөнхөд нэвчихэд хүргэдэг. Тиймээс зам мөрийн эхний алхам бол таван мэдрэхүйн хүслийг тэвчих. Тэгээд тэр цагийн шашны гайхамшигт багш нарын айлдваруудыг сурч гүйцээсний дараа Будда, эдгээр сургаалиуд нь зовлонг дарах бүрэн гүйцэт ном биш гэдгийг харуулжээ.
Тэр Бодьгаяа дахь Бодь модны дор бясалгаж, дөрвөн үнэний сургаалаараа хэрхэн гэгээрэлд хүрсэнээ хэлсэн юм: бидний амьдралд жинхэнэ сэтгэл ханамж гэж үгүй; учир нь урьд үйлдсэн үйлийнхээ эрх (карма) болон сэтгэлийн хор болсон сэтгэлийн хөдөлгөөнүүддээ захирагдаж байдаг; нэгэн боломж болох нирваан нь зовлон болон зовлонгийн шалтгааны маань эцэс төгсгөл юм; нирваанд хүрэх зам нь үнэмлэхүй мөн чанарыг таних билиг-билгүүн. Энэ билгүүн ухаан нь миниймхэрлэн (selfishness) барих үзлийн үндэс ёзоор болсон мунхагийн шууд ерөндөг. Бүгдэд тэгш сэтгэлээр ялгаваргүй хандсанаар тэдний тусыг бүтээх нь зам мөрд орохыг хүссэн хэн бүхний тусын тулд ертөнцийн хаа ч биелэн гарч ирч чадах Бурханы Хутагтанд (Buddhahood) хүрэх арга гэдгийг Будда олон жилийн туршид тоолшгүй олон шавь нартаа сургажээ. Бид бүгдэд Бурханы Хутагт буюу гэгээрэлд хүрэх бололцоо байдаг авч бидэнд тэр замыг заагч хэрэгтэй.
Миний гурван жилийн бясалгал маань Буддын гэлэнгийн амьдралаар явснаас хойш бараг гучин жилийн дараа эхэлж байгаа бөгөөд энэ хугацаанд би бээр олон сайхан эрдэмт багш нараас ном хүртэж, бясалгаж явлаа. Заримдаа өөрийгөө ертөнцөөс таслах гэлээ гэж буруутгагдаж байсан боловч миний хувьд үүнээс өөр арга зам үгүй. Тогтсон үзэл бодлоос ангид, юмсын мөн чанарыг таних билэг ухааныг номноос эсвэл бусдаас олж авч чадахгүй ба гагцхүү сайн багш нарын удирдлагаар бясалгасны хүчинд олж авч болдог. Эхлээд тэр багш биднийг бусдад хор хүргэхгүй, ёс суртахуунтай амьдрахад үлгэр дууриал болдог. Дараа нь бид оюун ухаанаараа амьдралын мөн чанарыг ойлгож, сэтгэлээ энэрэн хайрлахад тухайлан дадуулдаг. Ингэсний дараа алслагдсан бясалгалын орчинд юмсын мөн чанарыг зөвхөн мэдэх биш шууд үзэх билэг ухааныг хөгжүүлэх нь амин чухал. Урт хугацааны бясалгал бол хувиа бодсон үзэл биш агаад үүний зорилго нь бусдад Будда мэт дээд төвшинд хүрсэн багш болоход өөрийгөө бэлтгэхэд оршино.
Заримдаа миний зорилго биелж болох эсэхэд би эргэлздэг. Олон жил гэлэнгийн амьдралаар явсан ч сэтгэл минь дадаагүй. Би хэдхэн хормоос илүүтэйгээр төвлөрч чаддаггүй ба хүсэл уур хоёр маань бас л хяналтаас гарчихдаг. Гурван жил, бүр гучин жилийн дараа ч миний сайн багш болно гэдэг баталгаагүй. Гэвч ганцхан үхэл л намайг үүнээс салгаж чадна. Бас тэр дөлгөөн тэнгистээ би хүрч чадахгүй ч оролдлого маань бусдад ач тустай байх болно. Энэтхэгт нэгэн найз маань албан тасалгааны хаалган дээр "Санжит Рой (унасан)" гэж бичсэнийг уншаад гайхширч байсныг би санадаг юм. Найз маань асуухаас нааш санаа нь амрахгүй байх байсан юм. Ноён Рой тайлбарлахдаа "Хуулийн сургуульд сураад унасан ч огт сураагүй байснаас хамаагүй дээр бөгөөд тэгээд ч надад үйлчлүүлэгчиддээ барих ямар нэгэн тусгай юм байдаг" гэж билээ.
Чандмань Эрдэнээ би олохгүй ч байсан бусдад өгөх ямар нэгэн зүйлийг би олж авна гэдэгтээ итгэлтэй байна.
Одоо харин би юу өгч чадах вэ гэвэл одоог хүртэл туулсан амьдралын маань түүх билээ. Өөрийнхөө энэ дурдатгалыг бичих санаа анх 1980 аад онд нэгэн хуучны франц харшийг Баруун европ дахь Төвдийн Буддизмын анхны хийд болгох үед надад төрсөн юм. Дээврийн хагарсан хавтанцаруудыг сольжбайтал хуучны нэгэн Мэрсэдэс ирж зогслоо. Гуч эргэм насны эр миний франц хэл хаана ч хүрэхгүйг ойлгомогцоо англиар ярьж эхэлсэн.
"Энэ Түвд хийд үү?" гэж тэр асуулаа.
Би эргэн тойрноо харлаа. Үүнээс илүүгээр ердийн нэгэн францын хөдөө нутаг гэж үгүй биз. "Тийм ээ, энэ бол хийд, ядаж л эхлэл ни тавигдаж байна" гэлээ.
"Энд түвд лам байхгүй биз" гэж тэр асуулаа.
Нээрээ л байсан юмаа. Манай хамбатай цай уух зуураа тэр залуу өөрийн түүхээ ярьсан юм. Нэгэн удаа эзэн-тэнгэр мэт (god-like) хэн нэгэн түүнд үзэгдэж, Өмнөд Францад, гэрийнх нь ойролцоо долоон жилийн дараа Түвдийн Буддист Хийд байгуулагдах болно гэж хэлжээ. Тэгээд тэр хийдийн ламд өөрийн гэр бүлд хэдэн үеэр удам дамжиж ирсэн нэгэн эрднийг залуу өгөх учиртай юмсанж. Ингээд тэр явдлаас хойш долоон жил өнгөрч. Залуу хамбад жижиг боодолтой зүйл үлдээгээд явлаа.
Хамба бид хоёр бие бие рүүгээ гайхшран харсаар хоцорлоо.
"Наадахыг чинь харъя" гэж би инээмсэглэн хэллээ.
Хамба боодлыг задлан, бараг 3 сантиметр урт ногоон дөрвөлжин зүйлийг харууллаа. Маргад эрднийн чулуу гэж хэлэхэд мэдээж дэндүү том байсан юм.
"Өө, энэ чинь зүгээр л шил байна" гэхэд,
"Үгүй," гэж хамба хариулаад, "Ийм зүйл Түвдэд үргэлж л тохиолдож байдаг. Хийд барьж байхад Дака нар уулнаас бууж ирэн эрдэнийн чулуу өгдөг байсан", дака ба дагинас нар бол номын мөрд орсон дээд төвшний хувилгаад агаад өөрсдийн номын шидэт эрдмээ төгсгөхийн сацуу хүмүүс бидний үйлд ч бас тусалдаг. Энэ нь нэг үгээр бол библид дүрслэгддэг сахиусан тэнгэрүүд. "энэ хэр зэрэг үнэ хүрэхийг нь харъя" гэх нь тэр.
Залуугийн бэлгийг бид Тулуз дахь эрднийн чулууны дэлгүүрт аваачиж үзүүллээ. Эзэн нь томруулдаг шилээр гэрэлд барьж хараад "Энэ маргад байна, Тулузад үүнийг худалдаж авах бэл бэнчинтэй хүн байхгүй, Тиймээс үүнийг Парист аваачих хэрэгтэй. Баян Арабууд ийм том чулуунуудыг цуглуулцгаадаг юм." гэлээ. Дэлгүүрээс гараад хамбаас эрднийн чулууг дахин харуулахыг хүслээ. Чулуу миний нүдэнд гялалзана. "Ямар гоё юм бэ гэж би хэлээд бид жижигхэн жаалууд адил инээлдлээ.
Тэр оройдоо би юу болсныг эргэцүүлж бодлоо. Шинжлэх ухаанчаар хандах шүүмжлэл маань Буддизмын нөлөөгөөр баахан зөөлрөөд иймэрхүү тохиолдлуудыг хүлээн зөвшөөрч сурсан байсан. Бидний эвээн тэтгэгч дака (баатар) эсвэл энгийн тэр залуугийн алин болохыг би мэдээгүй ч миний сэтгэлд аль аль нь боломжтой санагдсан юм. Ингээд л ертөнцийг үзэх үзэл маань хэрхэн нээлттэй болсон талаар бичих хэрэгтэй гэж шийдсэн билээ.
Буддизмтай учрахаас бүр ч өмнө, үнэний төлөөх эрэл маань Пакистанд Индус Голоор найз нөхдийн хамт завиар явсан гайхамшигт аялал гэх мэт ер бусын үйл явдлуудтай учруулсан юм даг. Энэ аялал амьдралыг маань тэр чигээр нь өөрчлөх зүрх зориг шийдвэрийг өгсөн тул энэхүү өөрийн намтраа уг аялалын тухай тэмдэглэлүүдээр эхлэхээр шийдлсэн юм. Дараа нь, 1999 онд би бээр Монгол оронд далан жил коммунизмын хавчлагад оршсон Монголын Буддын соёлыг дахин сэргээхэд туслахаар Лама Түвдэн Зопа Рэнбүүчийн багшийнхаа хүсэлтээр ирсэн билээ. Монголд ирээд дөрөв дэхь өвлөө өнгөрүүлээд мөн орон нутгийн англи хэл дээрх сонинд дөчөөд өгүүлэлээ хэвлүүлчихсэнийхээ дараа энэхүү намтраа би бичиж дуусгасан. Энэ түүх эмч мэргэжилтэй эгэл хүний амьдралыг орхин, Бурханы шашинт гэлэнгийн санваар сахин амьдрахад хүргэсэн үйл явдлыг өгүүлэх болно. Миний түүх зүгээр нэг амьдралд маань тохиолдсон үйл явдлын дэс дараалал гэхээсээ илүүтэйгээр амьдралын маань хамгийн чухал босго болох гурван-жилийн бясалгал хийхэд хүргэсэн дотоод болон гадаад өөрчлөлтүүдийн тухай юмаа.
Надад 1970 аад оны үед холын аянд гарах боломж бүрдсэн байсан бөгөөд тийм боломжгүй бас миний өөрөөсөө асууж байсан тэр л асуултын хариуг хайж буй хүмүүст зориулж би энэ намтраа бичлээ. Тэдэнд энэ ертөнцийр болон өөрсдийн амьдралыг учир утгатай болгоход нь тус болох болов уу гэж найднам. Олон улсын аймшигт терроризм бас үүнийг эсрэг бас л нэг аймшигт тэмцэл нь биднийг гарах газаргүй болгосон мэт. Учир утгагүй аллагыг бид яж зогсоож чадах вэ? Даян дэлхийд бид яаж энх тайвныг тогтоох вэ? Бидний увайгүй хайхрамжгүй үзэл бусдын төлөөх бодлоо орхиж, нийгмийг сайжруулахын оронд амин хувиа хичээх үзэлд хамгаа зориулахад хүргэх аюултай.
Нийгмийг урагш хөдөлгөгч хүч хувь хүмүүст буюу бидэнд өөрсдөд маань байдаг гэдэг итгэл үнэмшилтэй явдаг билээ би.
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ
ГОЛ ДЭЭР
Бүлэг I
Замд Гарах Хүслэн
Миний өвөг эцгийн талынхан бүгд жүүдүүд байсан юм. Өвөө маань Өмнөд Оросын Хазаруудын удам, Одессад мэндлээд 1908 онд Австралид цагаачлан ирсэн. IX зууны эхээр шашингүй үзэлт Хазарын хаан зөвхөн ганц бурханыг шүтэх төрийн шашинтай болохыг хүсээд, тухайн үеийн Жүдеизм, Христос болон Лалын мэргэдийг урин залж ном хаялцуулжээ. Евреин шашны номлогч ялж ард олон бээр Жүдеизмыг итгэл үнэмшлээ болгон авчээ. Лалчуудаас Зүүн европыг хамгаалж байсан, Христосын нөлөөг сөрөн зогссон энэ иргэншсэн нийгэм улс төрийн ямарч хүч нөлөөгүй, бүгдэд ад шоо үзэгддэг байсан тэр шашныг авсан нь түүхэнд сонирхолтой үйл явдал байв.
Эмэг эхийн маань эцэг эх түүнийг жаахан байхад нь Германаас нүүн ирж суурьшсан билээ. Түүний эцэг нь Мелбурн дах хамгийн сайн янжуур хийдэг хүн байсан агаад, миний эцэг Жулс Фэлдманны төрж өссөн Бурк гудамжинд тамхины дэлгүүртэй байсан билээ. Их Хямралын үеийн ядуурал хоосрол болон эцгийнхээ мөрийтэй тоглоомонд алдах болсноос хойш ажил хийж гэр бүлдээ нэмэр болохын сацуу Жулс өөрөө сурч боловсрох гэж зүдэрч явлаа. Гэвч тэрээр Мелбурны Их Сургуульд урлаг судлалаар тэтгэлэг олж чадсан юм.
Эцэг эх нь тийм ч шашинлаг улсууд биш байсан ч аав маань түүх болон улс төрийн ухаанаас гадна евреин шашин, сонгодог жүдеизмийн талаар нэлээд сайн боловсорсон нэгэн байсан. Тэрээр таван жил хибрү хэл заасан ба жүүдийн номлогдчын шашны зэрэг авах сургалтанд цаашид үргэлжлүүлэн суралцаж болох байсан ч үүнийхээ оронд дэлхийн хоёрдугаар дайн эхэлхэд Австралийн Нисэх Хүчиний ангид нэгдсэн юм.
Ээжийн маань гэр бүл, хатуу чанд Мэтодист итгэгчид XIX зууны дунд үед Англиас цагаачлан ирэгсэд байлаа. Мэтодист Эмэгтэйчүүдийн Коллежид суралцах сүүлийн хэдэн жилдээ Лорна Стинтон гэх тэрээр Ст Килда дахь, Жулсын оройн Хералд сониноо авдаг байсан, аавынхаа эзэмшлийн сонины газарт худалдагч хийдэг байв. Нисэх хүчний дүрэмт хувцастай, хар үст, өндөр царайлаг жүүд залууд дурласан тэрбээр 1941 онд Жулстай гэрлэж хуримаа хийжээ. Лорна евреин шашинтан биш байсан тул аавын маань сүмийн хэдэн улсуудыг цухалдуулж байсан хэдий ч тэдний эсэргүүцэл аавд маань огтхон ч хамаа байсангүй ээ.
Жульс гэрлэснийхээ дараахан Австралын Армийн Боловсролын Төв дэхь САЛТ сэтгүүлийг үндэслэгч, ахлах сурвалжлагчаар томилогдсон ба дайн дуусахын алдад уг сэтгүүл сая гаран уншигчидтай болсон байсан юм.
Аав ээж хоёр маань дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсний хамгийн ахмад нь миний ах Макс 1942 онд, би 1943 онд, дүү Гаая 1945 онд Гаая Фоксийн шөнө, тэгээд миний дүү охин Кэйт 1951 онд мэндцгээсэн. Аав ээж минь намайг таван настайгаас минь хойш "эрдэмтэн" гэж хочлох болсон агаад энэ нь миний ухаантайд биш, "сахилгагүй үймүүлэгч" ах Максаас минь ялгах гэсэндээ тэр. Намайг дөрвөн нас хүртэл манайх Элвүүд хэмээх Мелбурн хотын захад амьдарч байгаад тэндээсээ, Жульсийг Комонүэлт Фильм Дивизионд кино зохиолчоор ажиллахаар болоход Сидней хот руу нүүсэн юм.
Сиднейн Бондид бид нэгэн орон сууцны байранд амьдардаг байсан бөгөөд ах дүү бид гурав гудамжинд харин ч нэг эрх чөлөөгөө эдэлдэг байв. Бидний тоглоомын талбай Бондийн далайн эргээс Сиднейн Боомтын Роуз тохой хүрдэг байсан юм. Далайн эрэг дээр байх анхны сургуульдаа би гэрээсээ хөл нүцгэнээр эртлэн гарч, замдаа усанд сэлээд, тороо татаж загасаа шууд машинд ачих загасчдыг ажиглан хардаг байлаа. Зундаа бид ерөөсөө л далайн эргээр, Хойд Бондид нэгэн хадат цөөрөмд сэлж өнждөг байв. Эр зоригтойгоо харуулахын тулд цалгилан догшрох, хад чулуугаар хүрээлэгдсэн тэр хэсэг ус руу үсрэн харайж ордог байлаа.
Бидний тоглож өссөн хамгийн сайхан газрын нэг бол бөглүү нутгийнхны гайхлыг төрүүлэх Рояал Сидней Гольфийн курс. Энд бид гээгдсэн гольфийн бөмбөгийг олж тоглогчдод буцаан худалдалддаг байсан нь ёстой л мөнгөтэй болох сайхан арга байсан даа. Алдагдсан бөмбөг олж чадаагүй үедээ бид гольфчдийн цохисон бөмбөгийг унангуут нь тэр хавийнх нь бутанд нуугдна. Тоглогчид бөмбөгний хойноос ойртон ирэхэд бид чимээгүйхэн гэтэж бөмбөгнүүдийг Мортон Бэй гэх илжгэн чихний навчаар бүтээчихдэг байв. Хайж цөхөрсөн тэд өөр нэгээр тоглож эхлэхэд бид бөмбөгийг алдагдсанд тооцоод өөрсдөдөө авдаг байсан юм.
Тэр үеийн өөр нэгэн дурсамж маань гэвэл
бидний нэрлэдгээр итали "Төмсгүй" ногооны худалдагч агаад учир нь ээжийг мухлагт босго давангуут л түүний хэлдэг үг нь энэ байсан. Дайны дараах жилүүдэд төмс хүрэлцэхээ больсон байсан юм. Тэр эрхэм томоо гэгч нь саарал туулай тэжээнэ. Ноён Таранто надад таалагддаг байсан ч туулайг чихдэж аваад өргөхийг нь харсан бидний хувьд тэвчишгүй үйлдэл байв. Нэгэн удаа, би манаачаар зогсож Марк Тарантогийн цэцэрлэгт нь нууцаар нэвтрэн туулайг чирч гаргаад гольфийн зурваст суллан тависнаар бидний санаа амарч билээ.
Ажил хийдэг ч санхүүгийн хувьд сайн биш, хажуугаар нь гэр орноо авч явах гээд ээжид минь хэцүү байсан ч сайхан сэтгэл алиа сэргэлэн зан нь түүнийг авардаг байлаа. Ээж минь хэнтэй ч муу уг хэлэлцдэггүй байсан юм. Нэгэн Зул сарын баяраар аавын минь ажилладаг кино студи дэх үдэшлэгт хошин шог зангаараа Жульсийг бүр залхаасан камерчин залуу өөрийгөө ээжид маань танилцуулав:
"Сайнуу Лорна, би бол Хью МкИннэс"
"Өө, таны нэр Хью байсан юм юмуу? Жульсийн орой бүр таны тухай яриагаас нь таныг "Галзуу" л гэж бодсон юм" гэж ээж хариулав.
Хьюд энэ хариулт их таалагдаж түүний эхнэр тэр хоёр манай гэр бүлийн дотны найзууд болцгоож билээ. Уурлаад байдаггүй ч дэндүү нухацтай зан гаргах гээд байдаг Жульсийг Хью хошигнуулж чаддаг нь Лорнад ч хэрэг болдог байв.
Дайны үед Хью Авcтралийн Кино-Мэдээлэлийн нэвтрүүлэгт камерчин хийдэг байхдаа Хятадад өрнөсөн Чанхай Шийн хөдөлгөөнийг нэвтрүүлдэг байсан. Хятадын аль нэгэн хотын захиргааны байрнаас уулзалтаа дуусгаад гарч явсан тэрхүү Үндэсний Гоминданы тэргүүлэгч зургийг нь авч байсан Австралын камераман Хью МкИннэст хандан "Нөгөө муухай хүн дахиад л гараад ирлээ " гэсэн гэдэг. Амьдралынхаа үлдсэн бүхий л жилүүдэд Хью энэ үгсийг нэр төрийн хэрэг болгон энгэртээ зүүж явсан юм.
Хэдийгээр тэр үед хориотой байсан ч Жульс 1930 онд Комунист намд элсч Лорна ч бас үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцож байв. Бяцхан жаахан бид хаалганы маань өмнүүр шөнө дунд сүүтэгнэн гарч ирэх нууцлаг үл таних этгээдүүд хэн болохыг огтхон ч төсөөлдөггүй байж билээ. Үнэндээн бол том өрөө маань хэвлэх үйлдвэр, гэр маань Сидней даяар тараагдах коммунист ухуулах хуудасны эх үүр байв.
1951 онд дүү Кейт төрж манай гэр бүл Хобартаар дамжин Мелбурн хот руу нүүж, Мелбурнийн зүүн захаар орших Ашвүүдэд шинэ байшинд орлоо. Ашвүүдийн Дунд Сургуульд 4-р ангиасаа би Гарри гэх хүүтэй цуг суув. Тэрээр ангидаа нэртэй нэгэн байсан ба учир нь түүний толгойн оройгоос нь шаазгай тоншчихсон байсан нь одон мэт харагдах жижигхэн шархтай хоцорчээ. Гарригийн гэр манайхааас холгүй тул бид сайн найзууд болцгоосон.
Оюунлаг гэр бүлд байсны хүчинд шалгалт шүүлэг миний хувьд хэзээ ч хүнд байгаагүй ч би сургуулийн тэр хэв загварт баригдах дургүй байсан юм. Ашбуртоны номын сангийн хүүхдийн гэсэн бүх номыг толгой дараалан уншиж дуусгаад насанд хүрэгчдийн номын хэсэгт орлоо. Достоевскийн Карамазовын Хөвүүд туужийг уншихдаа дуу шуу багатай мөрөөдөгч, амьд бүхнийг хайрлагч, бусдын хайрыг татсан, охидыг хүндэлдэг, бусдын манлайд явдаггүйч хамгийн шилдэг сурагчдын нэг, ичимхий бага хүү Алёшатай би өөрийгөө зүйрлэдэг байлаа. Харин бие даасан, эцэг эхтэйгээ зөрчилдсөн, үрэлгэн амьдралд дуртай том хүү Митья бол миний ах Макс байсан юм. Би бээр шашин шүтлэгийн талаар ямар ч мэдлэггүй байсан ч яагаад ч юм бэ сүмд орж сахилтан болохыг хүсэх Алёшад сэтгэлийг минь татахаар ямар нэг зүйл байна гэж би мэдсэн.
Эцэг эх хоёр маань ном, кино урлагт дурлан шимтэж шинээр гарсан бүхнийг нэг бүрчлэн үзэж сонирхдог байсан юм. Жульс зар сурталчилгаанд ажиллаж байсан ч кино урлагийн сонирхлоо гээлгүй, жил бүр болдог Мелбурнийн Кино Фестивальд шүүгчийн үүргийг гүйцэтгэдэг болсон байв. Бүр 1950 иад оноос л сургуулийн хүүхэд байхаасаа түүнийг даган би кино фестивальд Мельбурнийн Их Сургууль дээр очдог байлаа. Энд тэр олон кинонуудын утга учрыг би ололгүй өнгөрсөн ч хөврөн байх бодол дунд минь ямар нэгэн зүйл хэдэн цагаар үлдэж хоцорсон байсан юм. Сүүлд энэхүү фестивалийн нэр хүнд бүр өсч Килда гудамжинд байх Палай Театрт явагдах болсон агаад тасалбарынх нь үнэ ч талийж бид авч чадахгүйд хүрсэнд урлагийн сургуульд орж оюутан болсон Гарри ба түүний нөхөд өөрсдийнхөө тасалбарыг хэвлэж аваад л ордог болсон байж билээ.
1963 онд би Мелбурнийн Их Сургуулийн анагаахын ангид элсэн орлоо. Ангийн маань зарим нэгэн улсын дунд сургуулиас ирсэн байсан ба тэдний өргөн мэдлэгт нь би, харин тэд гудамжны аятай чөлөөт байдалд маань атаархана. Номын сан гэхээсээ шар айрагны мухлагт ихэнх цагаа өнгөрөөсөн би жил бүр шалгалтаа давчихдаг л байв. 1960 аад онд тохиогоод байсан нийгэм дэх тэр олон өөрчлөлтүүдийн үед их сургуулийн оюутан байх нь сайхан хэрэг байсан юм. Би гудамжны гэмээр байсан ч томоогүй мөрөөдөгч байсан. Хамаг номоо өмнөө дэлгэж тавьсан ч ухаан санаандаан би нарлаг далайн эрэг дээр яг л тэр төгс төгөлдөр давалгааг эдэлж (surfing), янзын гайхалтай тэр загасыг барьж эсвэл үзэсгэлэн төгөлдөр тэр эмэгтэйг цээжиндээ тэврэн суух нь олонтаа.
Урлагийн сургуульдаа Гарри зургийн моделиор хагас цагийн ажил хийдэг Кристэй учрав. Бүрэг ичимхийдүү, залуухан, улаан-хүрэн үстэй тэр охин маш сайхан харагдана. Өөрийнх нь дуртай улаан, хөх-ягаан даашинжтай тэр халуун бүлээн хайрын гэрлээр цацарна. Аажмаар төлөвшин тогтох, заримдаа ч ширүүсч эхлэх тэдний харьцаанд би бээр ямагт Крисийн талд зогсож түүнийг дэмжиж явсаар бид хоорондоо их дотно болцгоосон байлаа. 1960 аад оны Бүтээн Байгуулалт нуран унаж байх үйл явцад бид өөрсдийн хувь нэмрээ оруулж явахдаа бид гурав төр захиргааны бүхий л удирдлагуудын эсрэг эрүүл бөгөөд үл хүндэтгэх байр суурьтай болж эхэлсэн.
Охидоос би ичдэг байсан агаад удаан хугацаанд нөхөрлөх найз охин ч үгүй байсан юм. Шөнө дөлөөр аавын маань хашигачих нь уур болон бодлогогүй явдлаар бузарлагдахгүй хайр бүхий төгс төгөлдөр харьцааг олох шийдэвэрт намайг хүргэсэн билээ. Сургуулийн бүх найз нарын маань эцэг эхүүдийн ийм адил төстэй гэр бүлийн маргааныг ажиглаж байсан нь ч энэ бодлыг маань өөрчилж чадаагүй ч ямар ч л байсан намайг болгоомжтой болгосон юм даг. Би бээр хүчирхийлэлд эмзэг болж, бүхий л байдлаараа маргааныг аль болох зайлуулахыг хичээдэг болов.
Гарри урлагийн сургуулиа дүүргээд Англи руу усан онгоцоор аялалд гарлаа. Би жилийн чөлөө авч түүнийг эргэж ирэхээр нь хамтдаа Энэтхэг руу явахыг хүссэн ч аав энэ саналыг сайнаар хүлээж аваагүй ба тэгээд ч надад мөнгө байсангүй. Гарри Европоос Битлзийн Sergeant Pepper's Lonely Hearts Club Band (Австралид арай орж ирээгүй байсан) цомогтой ирэв. Түүнд бас хэсэг ЛСД байлаа.
Далайн эргийн чимээ аниргүй зуслангийн байшинд, Гарри Крис хоёртой бас дээрээс нь хөгжим ЛСД нийлээд ертөнц гэдэг тэр аяараа өөрчлөгдөж, төсөөлшгүй сайхан болж ирлээ. Оюун ухааны энэхүү бололцоог сонирхож эхэлсэн би илүү ихийг мэдэхийг хүссэн ч 5-р дамжааны анагаахын оюутны хувьд төгсөх жилийн шалгалтаа чухалчаад ЛСД -г хичээл номын үеэр дахин ер хэрэглээгүй. Энэ үед Ирландын нэгэн профессор ЛСД -г хэрэглээд мөнгө хөөх ямар ч сонирхолгүй болсон тухайгаа бичсэнийг би олж уншив. Түүний аз нь ч дайрч мансууруулах бодис хэрэглэсэн тэрбээр ажлаа ч алдсан юм даа.
Сургуулиа төгссөний дараа миний аялах хүсэл сая л нэг биелж, Папуа Шинэ Гвинейн нутаг дэвсгэр дэхь Австралийн суурин эмнэлэгт дадлагажигч эмчийн ажилд орлоо.
Зүүн Хойд эрэгт орших Лай хотын ойролцоох сэтгэл хөдөлгөсөн байгаль, энэ нутагт тохиолдох ховор төрлийн өвчнүүд нь намайг халуун орны иймэрхүү өвчнийг анагаах талаар мэргэших шийдвэрт хүргэв. Би бээр экваторын эрчимтэй өрнөх амьдралд баясч байсан юм. Шинэ Гвинейчүүдийн хүүхдэрхүү энгийн байдал, угаасаа л хадгалж ирсэн тэдний хүн чанар амьдралд хандах шинэ хандлгыг төрүүлсэн нь: жижиг зүйлийг ч анзаарч, нийгэмд зөвшөөрөгдсөн үзэл бодлуудаар өөрийн аз жаргалыг хаан боогдуулахгүй байх явдал юм.
Харин ажил дээр бол Австралийн шинэхэн төгсөгчөөс хамаагүй их хариуцлага надад ноогдсон байсан. Манай багт ерөнхий эмч, мэс засалч, хүүхдийн эмч, хааяа ирэх эх баригчаас бүрдэнэ. Хумхаагаас гадна халуун орны шимэгчдээс гадна уушигний хатгаа зонхилох агаад тэнд байх үед маань өндөрлөг газруудаар орчих тосгодын ард иргэд томуугаар халдварлаж хэдэн зуугаараа нас барсан юм. Нэгэн удаа нөхрөө алдсан ядуу эмэгтэй ханиаснаасаа болж өөртөө болон хоёр хүүдээ үхэл авчирлаа хэмээн бодож өөрийгөө дүүжлэхийг завдаж байв. Гэтэл тэр дүүжлэгдсэн модных нь мөчир хугарч эмэгтэй голын усанд унаж дараа нь аврагдсан ч хөвгүүд голд живсэн. Эмнэлэг дээр тэдний цогцосыг шинжсэний дараа би мөрдөн байцаалтанд дуудагдан тосгон руу явж очлоо. Oрон нутгийн захиргааны хэлтэсийн өрөөнд өвсөн банзалтай, гинжээр оосорлуулсан тэр ээж газар суугаа харагдахад эргэн тойрны ханануудаар буу зэвсгийг ярайтал жигдхэн өрсөн байв. Энэхүү цочирдом дүр зургийн дунд хөөрхий эмэгтэй Австралийн хуулиар хүн амины хэрэгтэн болж хоцорчээ. Хэдэн сарын дараа тэр томуу биш сүрьеэгээр халдварласан нь тогтоогдсон юм.
Өөр нэг тохиолдол таарсан нь ахтайгаа зодолдоод маргааш өглөө нь нас барсан хүний тухай мэдээ бидэнд ирдэг юм байна. Энэ хэрэг ч бас Австралийн хуулиар мөрдөгдөх хэрэгтэй болсон. Манай нисдэг тэрэг дал модны навчаар хучсан дэрсэн овооxойнууд бүхий суурингийн голд газардлаа. Суурингийнхаас хэн ч үзэгдсэнгүй, бүгд шинрэнгэ рүү зугтан дайжжээ. Орчууулагч маань дуудсанаар овгийн ахлагч бусад хэдэн хүний хамтаар өтгөн өвсөн дундаас гарч ирсэн нь тэрээр хуучирсч салбарсан цэргийн малгай өмч гартаа нарны хаалтны хугархай иш барьчихсан зогсч байлаа. Тэдний өвөг эцгүүд хүн иддэг канибалууд байсан бөгөөд тиймээс ч үхсэн хүний талаар мэдэхээр ирсэн бидний аюулгүй байдалд миний санаа зовж эхлэв. Тэд нас бараад гурав хоносон, гадил жимсний навчаар ороосон цогцосыг улаан шороон хөрсний гүнээс хүндэтгэлтэйгээр ухан гаргаж ирлээ. Үхлийн шалтгаан харваас бараг тодорхой байсан ба тэр хүн архаг хумхаагаас болж их томорсон дэлүү нь хэвлийн хөндийд шахагдан амархан задарсан шинжтэй байв. Гэвч хуулийн дагуу заавал задлан шинжилгээ явуулах ёстой байсан тул үнэрээс нь болж хэдэн давхар амны хаалт зүүсэн би шууд л гэдсийг зүсч хуримтлагсан хийг нь гадагшлуулан дэлүү орчмыг нь ажиглав. Дүн шинжилгээ батлагдаж, цаашид үзэх шаардлагагүй муудсан цогцосыг буцааж булахыг би тушаалаа.
Ажил дээрээ би бусад эмч нартай нийлдэг байсан боловч тэд надаас ахмад бөгөөд нэлээд хуучинсаг үзэлтэй улсууд байсан тул би үе тэнгийн залуустай нийлж далайн ёроолын шүрэн арлуудаар шумбаж, эмнэлгийн яг хойхно байдаг байсан шүхрээр буултын клубт элсэв. Гарри над дээр ирж хэдэн долоо хоноод Сингапур руу явлаа. Тэрээр цааш Лондон руу дахин аялахаар зэхэж байсан юм. Бид эмнэлгийн хойд уулан дээр байх ботаникийн цэцэрлэгээр энэ тэрийг үзэж сонирхон их удаан алхдаг байлаа. Цахирмаа цэцгийн баян тансаг цуглуулга, дэлхийн олон газраас авчирч суулгасан дал модны тариалантай энэ цэцэрлэг Гарри бид хоёрт хэзээ нэгэн цагт өөрсдийн ботаникийн диваажинг байгуулах санаа төрүүлж билээ.
Лондонгийн Эрүүл Ахуй Халуун Орны Өвчин Судлалын Сургуульд бакалаврийн дараах сургалтанд суух бодолтойгоор би1970 оны эхээр Мельбурнд буцаж ирэв. Макс ах маань хуулийн сургуульд сурч байсан бөгөөд түүний найзуудын дунд хаврын анхны цэцэг шиг Жүди хэмээх нэгэн охин онцгойрно. Тэр хорин нэгтэй, дал мөрийг нь бүрхсэн гялалзсан хар үстэй, амьдралд тохиолдох утга учиргүй зүйлсийг шоглон инээх хошин зантай. Тийнхүү түүний инээхэд зүрх минь хайлах шиг болдог байж билээ. Бид найзуудтайгаа хамт Нью Саут Уэйлсийн Түфолд тохойд байх хот Бойд руу машинааар зугаалгаар явж тэндээ асар майханд хонодог байлаа. Жүди бид хоёр тэнд бие биедээ сэтгэлтэй болсноо илчилж, түүнээс хойш бүх зүйл сайхан байсан ч эцэг нь надад Англи руу явдаг ачааны хөлөг онгоцны эмчийн ажилд ороход тусалснаар бидний дурлалын түүх өндөрлөсөн юм даа. Урлагийн сургуулиа дүүргэж байсан тэр надтай хамт явах боломхжгүй байсан юм. Хөлөг онгоц Австралийн өмнөд эргийн хэд хэдэн боомтуудаас ачаагаа татан Дурбанд түлшээ дүүргэхээр хэсэгхэн хугацаанд зогсч цааш Валетта Пайреиуст ачаа буулгаад эцэст нь Ливэрпүүл хотноо ирлээ. Боомт болгонд хүлээн авсан Жүдигийн захидлуудтай хамт гурван сарын дараа би Англид хөл тавив. Гарри Крис хоёртой Лондонд уулзаж, Сүррей дахь нэгэн эмнэлэгт ажилд орлоо. Амралтын өдрүүдийг тэдэнтэй Кэнсингтөн дахь жижигхэн байранд нь өнгөрүүлнэ.
Үндсэн хичээлүүд эхэлмэгц Байгалийн Түүхийн Музейн эсрэг талд орших Куйнсгэйтийн нэг байранд шилжиж нүүлээ. Энэхүү бакалаврын дараах боловсрол олж авах гэсэн маань Австралийг орхих шалтгаан байснаас гадна анагаахын сургуулийн хөтөлбөрт байдаггүй өөр ямар нэгэн зүйл болон бүхэл бүтэн ертөнц нээгдэхээ хүлээгээд өмнө минь байж байгаа мэтээр бодогдох тийм нэгэн итгэл өөрт минь байсанд оршино. Би зүгээр л нэг зугаа цэнгэл биш амьдралынхаа зорилгыг хайж байлаа. Би барууны шашны талаар огт юу ч мэддэггүй байсан ба сайныг шагнаж, мууг шийтгэдэг бүтээгчийн тухай хэт хялбаршуулсан ойлголт миний хувьд хүлээн зөвшөөршгүй зүйл байсан юм. Миний бодлоор шашинд хэтэрхий их худал хуурмаг нуугдаж, хэтэрхий агуу хүчирхийллийн болон хавчлагын бүхэл бүтэн түүх агуулагддаг гэж итгэдэг байлаа. Би шинжлэх ухааныг оюун ухааны талаарх миний өөрийн ойлголттой холбох оновчтой холбоосыг хайж байсан юм. Лондонд ганцаардалтайгаа тэмцэлдэн байх энэ үед тэрхүү хайлт маань ямарч утгагүй мэт сангадаж, яагаад Австралид байсан тэр сайхан цагийг бас Жүдиг орхиод явснаа өөрөөсөө асуудаг байж билээ.
Халуун орны өвчин судлалын мэргэжлийн дипломоо авсны дараа би Эссэкс дэх хүүхдийн эмнэлэгт ажилд орлоо. Энэ багахан эмнэлэгт дороо дасч хэвтэрийн болон үзлэгийн тасгаар эргэх, ажлын дараагаар харин тэндэхийн уушийн газарт завтай цагаа өнгөрүүлэн амьдрал цэгцэрч эхэллээ. Уг эмнэлэг тэрүүхэн тэндээ аладартайд тооцогдох крокетийн талбайтай бөгөөд хөл хөдөлгөөнөөс алслагдсан цэцэрлэгт орших энэ талбайд би бээр Английг буулган авч Австралийн нэрийг өндөрт өргөсөн бөлгөө. Энэ өрсөлдөөн хэцүү байгаагүй юм, крикетийн адилаар энэ тоглоом өөрийн гэсэн дүрэмтэй агаад зарим нэгэн зүйлс зөвшөөрөгдөх боловч жинхэнэ ёс зүйт эрчүүд тэдгээрийг гүйцэтгэдэггүй. Харин би бол тийм эрчүүдийн нэг байсангүй ээ.
Гарри Крис нар Энэтхэг рүү аялахаар гарч, жилийн өмнө хэн нэгний үдийн зоог болох гэж байхад нь миний аварсан цагаан туулай Норманыг би өөр дээрээ авч үлдэхээр боллоо.Түүний дургүй хүргэмээр агаарт үсчин эргэлдэж шээх, Гарригийн ургуулсан марихуанаг идэн алуулахаас наагуурх гэмт хэргүүдээс бусдыг эс тооцвол Норман бүгдэдэ хайрлагдсан амьтан байв. Тэр эмнэлгийн амьдралд амархан дасч, өрөөнд маань торон дотор амьдарч, хэвтрийн өвчтөнг хамтдаа эрэгэдэн бяцхан эмчлүүлэгчидэд минь баяр хөөр авчирна. Крокетийн талбайд өнгө өнгийн бөмбөг болон байн дунд түүнийг гарч ирэхэд хэзээ л Бундангийн Хатан (“Алиса Гайхaмшгийн Оронд” орч.) “Түүний толгойг ав!” гэж зандрах болоо гэж боддогдогсон.
Нэг удаа өвчтөн эргэж байтал Австралиас дуудлугу ирснийг сувилагч дуулгалаа. Гэрийнрэн болон Жуди төрсөн өдрийн мэнд хүргэж утасджээ. Энэ мэдээ ажлаар нэг тарж хүүхдүүд Норманыг тод томруунаар дүрсэлж зурсан төрсөн өдрийн мэндчилгээг гардуулав.
Жудитэй ярьсан маань түүнтэй уулзах хүслийг минь өдөөн, эндхи гэрээг дуусгаад Австрали руу буцах тухайгаа бичиж явуулав. Хариу захидалдаа Жуди хэн нэгэнтэй хамт амьдарч байгаагаа дурсаад эргэж ирэх тийм ч сайхан цаг биш гэдгийг хэллээ. Намрын харанхуйлах тэнгэр сэтгэл санааны байдалтай минь яг л нийлж орхив. Хаа нэгэнтээ ирээдүйгээ тунгаан бодох хэрэг гарч, эмнэлгийн хойгуур модон дундуур нуурыг чиглэн алхлаа. Шувуу сонирхогч манай нэг эмч Чарлесийн хэлснээр энэ нуурын хөвөө үзэсгэлэнтэй агаад ганцаардалд маань тохирсон газар байсан билээ. Тэр алхаж буй фламингог олж харахыг зөвлөсөн юм. Нуур руу харсан толгодын намайг-бүү-март хэмээх цэцгэн хивсэн дээр би гаансаа асаан хэвтэхэд гялтайх төдий нарны бүлээн туяа өмнө зүг рүү далд орсоор. Толгой нь гудайсан үхэж буй цэцэгс л эргэн тойронд минь байлаа. Цэцгэн дундаас олсон шувууны өд Жудигийн даашинзны өнгөттэй ижилссэнд нь намайг-бүү-мартуудад надаар тоглохоо болихыг хүслээ. Орой дээр, цэлмэг тэнгэрт тогтсон, ягааран харагдах униар дээгүүр мөрөө гарган нисэх онгоцнууд Xэлтроуд буух ээлжээ хүлээн тас шувуу адил эргэлдэцгээнэ. Англид үлдэх, Австрали руу буцах эсвэл аян замд гарах хүслээ дагахын аль нэгийг сонгох ёстой болов. Австрали руу явчихаад ирэх маань нэгэнт шаардлагагүй болсон. Эрүүл ухаанаар бодож үзвэл би Англид үлдэх ёстой бөгөөд эмчилгээний ажлын туршлага хуримтлуулан ширэнгийн эмнэлэгт ажиллах зорилгодоо хүрэх явдал байв. Гэхдээ эрүүл ухаан харин зөрчилдөж эхлэв. Гарри Крис нараас би захидал авсан ба Афганистан хүрээд Жалалабадад нэгэн байшинд орон орноос ирсэн арван хоёр аялагчийн хамт амьдарч буйгаа бичээд, үзэж харсан сонин хачин зүйлсээсээ зурж дүрсэлсэн байлаа. Тэрхүү сэтгэл татсан зугуудийг дахин нэг хараад би шийдлээ, Би Афганистан явлаа. Хэрэн хэсүүчлэх хүсэл дийлэв.
to be continued ...
(хуулбарлахгүй байхыг хүсье ;>)
to be continued ...
(хуулбарлахгүй байхыг хүсье ;>)
3 comments:
Xuue goyo blog baina shdee Uurteigee argamjaad awlaa
Blogoor ni ergelddeg baisan Oogiinoo mun bol uuriin cchini Blogoor bas zunduu hessen shuu. Ih hulgunii tuv bolon, Adrian Feldman (Mongolchuud Undur Bagsh gej duudag) ii tuhai sain medeh baihaa ;>
orood garsand bayarlaa,
sain saihniig husye.
Blue Fire
баярын мэнд, наана чинь өдөр арай солигдоогүй байхаа?
энэ номыг уншнаа...жоохон ахиулсан хойно нь бөөндий...
урам өгсөнд баярласан шүү...ойрын хэд хоног шал өөр хүн шиг л байна би :)
Post a Comment