Хоёрдугаар бүлэг
Ид Шидийн Аялал
1972 оны нэгдүгэээр сарын дундуур Карачийн нисэх онгоцны буудал дахь шалган нэвтрүүлэх дээр буугаад эргэн тойрноо ажив. Нар дөнгөж мандсан авч хүн бүр унтлагын хувцастайгаа л байгаа мэт санагдсан агаад сүүлд нь энэ Пакистаны үндэсний хувцас болохыг ухаарсан юм. Ямар ч л байсан эрчүүд нь ингэж хувцаслах ба нүдэнд өртөхөөр нэг ч эмэгтэй байсангүй. Шилэн хаалгаар гарах үест Лондонгийн өвлөөс тэс ондоо халуун, чийгтэй, содон үнэр бүхий агаар угтан авлаа. Сэтгэл хөдөлгөм. Энэ яг л амьдралдаа анх удаа эрх чөлөөний агаарыг амталж буй мэт байлаа.
Гарри захиандаа аян замаа хэрхэн төсөвлөх тухайг минь аль хэдийн зааж эхэлсэн байв. Юун түрүүнд банк дээр хэзээ ч бүү мөнгө соль, хар захын ханш үргэлж дээгүүр байдаг. Гэвч тэнд зах битгий хэл банк гэхээр зүйл үл харагдан, миний эргэлзэн байх тэрхэн эгшинд цүнхнүүд маань өргөгдөн шурдхийн таксинд ороход би ч бас арын суудалд бөндийн суусан байв.
“Мөнгө солиулах хэрэгтэй байна” гэж жолоочийн найзад тайлбарлахад
“Тиймээ, бололгүй яахав” гэж хаалга хаах зуураа хэлээд жолоочийн хажууд үсрэн суув.
Иймэрхүү зүйлд Гарри намайг сургасангүй. Машин хөдөлмөгц тэр над руу эргэн,
Иймэрхүү зүйлд Гарри намайг сургасангүй. Машин хөдөлмөгц тэр над руу эргэн,
“Зочид буудал уу?” гэхэд
“Үгүй ээ, галт тэрэгний буудал.”
“Та хаанахынх вэ?”
“Aвстрали”
“Өө тийм, Иэн Чаппел, сайн цохиурчин шүү.”
“Тиймээ” гэж хэлэнгээ бүх зүйлс ингээд крикетийн тухай яриа болж хувирдаг дэндүү хачин байдалд гайхширан байв.
“Хэдэн доллар солих гэж байна?”
“Хорь, хэдээр солих вэ?” Гарригийн хоёр дахь захиас нь дандаа америк долларын бага дэвсгэртүүдтэй явах. Америк доллар хэдэн пакистан рупи болохыг огт мэдэхгүй байв.
“Арван найм.”
“Үгүй шүү, би банкан дээр илүү сайн ханшаар солиулчихна,” гэж хэзээний мэддэг хүн шиг бурчихав.
“Өө, үгүй үгүй, банкны ханш дөнгөж арван хоёр байгаа.”
Солиуллаа. Хорьхон доллар бөгөөд үүнээс өөр сонголт байсангүй, таксины цонхоор харагдах гайхал төрүүлэм зүйлс, онгоцноос дөнгөж бууж ирсэн болон ядарснаас толгой минь эргэж байв.
Мөнгө сольсны дараа өнөөх л байцаалт үргэлжилж:
“Хашиш авахуу?”
“Үгүй шүү,” гэж сэжиглэнгүй хэллээ. Пакистанд анх удаагаа мөнгө солиулж, магадгуй хуу маллуулсан ч байж мэдэх тул үнэтэй авсан рупигээ хар тамхинд үрэхгүй гэдгээ би мэдэлгүй дээ. Жолоочийн найз, авахгүй гэснийг минь огт тоосон шинжгүй хэсэг хашиш гаргаж ирээд инээмсэглэн надад өгчихөв.
“Бакшээш,” гэж тэр шивэгнэв.
Энэ багахан хашиш л гэхэд Лондонд бол хориос ч илүү доллар болохсон, тиймээс эд нар мөнгө сольж нэлээд сайн наймаа хийсэн байж таараа хэмээн бодоод би тэр бэлэглэсэн хашишийг халаасалчихлаа. Такси галт тэрэгний буудалд зогсоод баяртай гэгч нь цааш хөдөллөө.
Газрын зураг маань хойд зүгт найман зуун бээрт орших Афганы хил болон Хайбэрийн Даваа хүртэлх хамгийн сүүлчийн хот Пешаварийг Карачитай холбосон төмөр замыг заасан байсан юм. Тасалбар авах цонхон дээр очоод Пешавар орох тасалбар хүсэхэд:
“Та Карачийн галт тэрэгний буудал орох хэрэгтэй”
“Гэхдээ энэ чинь Карачи шүү дээ.”
“Энэ бол Карачи хуаран, та төв буудал орох хэрэгтэй.”
Чимээгүйхэн таксины жолоочийг найзтай нь зүхчихээд төв галт тэрэгний буудал яаж орохыг асуусанд орон нутгийн галт тэрэг арван минутын дараа хөдлөх болсныг мэдлээ. Хэдэн пайсагаар тасалбараа аван хүнд ачаатайгаа зам руу дөхөв. Хоосон бөгөөд итгэхийн аргагүй бохир гэгч нь галт тэрэг ирж зогсоход би орж, модон сандал дээр ганцаараа суулаа. Карачи хотынхны хувьд хөл хөдөлгөөн эхлэхэд нэлээд эрт байв. Галт тэрэгний бохир тасалгааг тойруулан харангаа Лондонгийн метроноос ч дор юм хэмээн би дургүйцэн бодлоо.
Карачийн галт тэрэгний буудал хуарангийнгхаасаа хамаагүй дээр байсан ч цагийн сайханд үүнээс ч илүү байсан бизээ. Цагаан үс, сахалтай, гуулин хадавчин дээрээ Ачаа 25 Пиаса гэсэн бичээс бүхий ханцуйвчтай өвгөн баргил хоолойгоор “Aчигч авах уу сахибаа?” хэмээв.
Сахиб гэх тэр үг намайг цочоож орхив. Би бээр сахибуудыг өнгөрсөн үеийн колонийн дарангуйлагчид мэтээр төсөөлдөг байсан боловч энэ үгийг хэлэхэд түүний дуу хоолойн өнгөнд зусардалт болон хорслын алин нь ч байсангүй. Болгоомжтойгоор толгой дохиход тэрээр чемодан болон даавуун уутан цүнхийг минь шалмаг гэгч нь ганц өргөөд л толгой дээрээ тавихад нь ачаа маань надад яагаад тийм хүнд санагдсаныг гайхахад хүргэсэн юм. Тэгээд би түүнээс тасалбар авах газарт хүргэж өгөхийг хүсэв.
“Нэгдүгээр зэрэглэл үү сахибаа?”
Аян замын гуравдугаар дүрэм бол дандаа гуравдугаар зэрэглэлээр зорчих байсан боловч нойр авахыг туйлаас их хүссэн тул гэм хийсэн аятай “Тиймээ, нэгдүгээр зэрэглэл.” гэлээ. Энэ тухай Гаррид хэлэх албагүй.
Тасалбарын цэг онгойгоогүй тул чемодан дээрээ суугаад, урагш хойш хөлхөн холболт хийх уурын галт тэрэгнүүдийг ажих нь цаг нөгцөөх сайхан арга байлаа. Цаг хагасын дараа тасалбарын лангууны ардаас хинду эмэгтэй гарч ирэв. Намайг үл ойшоон хэдэн цаасаа нэлээд удаанаар хольж цэгцэлсний эцэст энгийн ардад хааяа нэг үзэгдэх эрхэмсэг хатан хаан адилаар над руу хандан ямар нэг зүйл хүссэн эсэхийг минь асуулаа.
“Пешавар орох тасалбар авах гэсэн юм.”
Эмэгтэй толгойгоо сэгсрэв. Би сэтгэлээр унаж орхив – Энэтхэг соёлт нутагт толгой сэгсэрэх нь нааштай хариу байдгийг мэдсэнгүй.
“Энэ чинь төв галт тэрэгний буудал гэсэн дээ.”
“Баруун-Хойд Хязгаар Буухиа өнөө орой таван цагт нэгдүгээр замаас хөдөлнө.” гэж тэрээр яриаг минь тасалдуулав.
“Өө, тэгвэл үнэхээр Пешавар орох нь ээ?”
Дахиад л өнөөх эмэгтэй толгой сэгсрэв. Уурлаж цухалдсан би:
“Пешавар ормоор байна шүү дээ.” гэлээ.
“Галт тэрэг Пешавар орноо гэж танд хэлээд байна шүү дээ” гээд тэрч бас уурласхийв. Тэгж хэлээгүй байж гэж бодоод дахин маргахаа болилоо. Лондонгийн таксины үнээр унтлагын тасалбар авав. Ачаа хадгалах газар харагдсан нь гайхлыг минь төрүүлсэн агаад тэнд юмаа үлдээгээд хүнд тээрнээсээ саллаа.
Дөнгөж өглөөний найм өнгөрч байсан тул есөн цаг хүлээх хэрэгтэй. Хэцүүхэн мэт шөнийг үдсэн Карачи хотыг сэрээх нарны хурц гэрэл өөд би тээнэгэлзэн алхан одлоо. 1947 онд Энэтхэгээс салж тугаар улс болсон Пакистаны анхны нийслэл Карачи нь Арабын тэнгисийн боомт хот, худалдаа арилжааны амин судас юм. Энэ хот ерөнхийдөө замбараагаа алдсан борчуулын хороолол байлаа. Нойр хугас, өлссөн, сахал үсэндээн баригдаж хачин шинэ энэ ертөнцөд хөл тависан би айж сандрах гэхээсээ илүү хир буртгандаа баригдаж гүйцсэн байлаа. Харин Карачид бол би зураг шиг сайхан амьтан байв. Миний үзсэн хамгийн бохир, тоос шороо нь бужигнасан, өмхий ханхалсан газар бол энэ хот.
Гол замын хажууд нэгэн эр үхэр тэрэгнээс умайлган оёсон арьсан тулмаар ус худалдана. Гайхам хуучны тэр тэрэг, дусаал гоожсон туламнуудын хачирхалтай дүр зурагт автсан би энэ бүхэн үнэн эсэхэд эргэлзэн зогтусав. Миний оюун ухаан иймэрхүү зүйлд үнэхээр дасаагүй байв. Замын тэр талд хогон дундаас хоол ухан улангасах шар, хар, цагаан, цэхэр гээд овоорсон олон муур нэгэн том мангас мэт харагдана. Ийш тийш харсан элэгдмэл тоосгон хашаанууд энэхүү бодит бус гэмээр энэ дүр зургийг улам тодотгоно.
Би нэлээд хол алхаж, гудам бүрийн сонин хачныг гайхахын хажуугаар буцах замаа олохын тулд дайрч өнгөрсөн зүйлсээ ажиглан явлаа. Машин тэрэг, амьтан, хүн тэрэг хүртэлх янз бүрийн тээврийн хэрэгсэл хөлхөлдөнө. Өлсч цангасан надад хоол болчихоор юм юу ч харагдсангүй агаад халуун орны өвчин судлалын хичээл толгойд минь одоо болтол эргэлдсээр л. Мэдээжийн хэрэг энд хаа сайгүй таарах шимэгч хорхойн өндөгөөр би гэдсээ дүүргэхгүй нь лав. Цэцэрлэгийн зүлгэн дээр суунгаа зүгээр л байх ёстой гэж найдаад олж авсан Кока-Колагаа ууж, бодол санаагаа цэгцлэх гэж оролдлоо.
Морь хармаар болов, гэвч хаана? Гудамнуудын хойгуур хүний ялгадас дүүрэн агаад хот тэр чигээрээ шивтэр мэт ханхалж байв. Харин яаж нэг яатайхан хөнгөрчих талаар бодон, цэцэрлэгийн хашааны хүн амьтангүй буланг зүглэв. Хэдэн бутны араар ортол яг энэ хэсгийг аль хэдийнээ ижил зорилгоор ашигласныг оллоо.
Зүлгэн дээрээ буцаж ирээд Гарригийн захисан Гуржиевийн Гайхамшигт Хүмүүстэй Учирсан нь номонд умбалаа. Гуржиев бол 1877 онд мэндэлсэн Оросын зохиолч юм. Түүний Эв Зүйт Хүний Хөгжлийн Хүрээлэнг хэрхэн байгуулсан түүх хожим миний өөрийн Пакистанаар хийх гайхам аялалыг маань зоригжуулах болсон юм.
Цэцэрлэг энэ хачирхалтай хотод миний амар амгалангийн баян бүрдийг орлож байсан тул галт тэргэндээ суух хүртлээ эндээ үлдэхээр шийдэв. Хэдэн сурагч хөвүүд ирж заалгасан асуулт хариултаа над дээр давтав. Тэдний англи хэллэг төвөггүй ойлгогдовч энгийн асуултуудад нь хариулсны дараа харилцан ярилцах чадваргүй байлаа.
Миний хувьд Бангладешийг дэмждэг байсан агаад тэдэнтэй дайны талаар ярихгүй байхыг хичээж байв. Шашны зөрчилдөөн, газар нутаг булаалдсанаас үүдэн Энэтхэг Пакистаны дайн дэгдэж улмаар Зүүн Пакистан нь Бангладеш хэмээх шинэ улс болон тусгаар тогтнолоо зарлаад байсан юм. Ямар нэгэн цэрэг армийн нүүдэл суудалтай таарах байх гэж миний бодсон нь Карачи хотын дүнсийхээс тэс өмнөө агаад ер эндэхийн оршин суугчид нь хүртэл нүүж суудаг нь эргэлзээтэй. Ерөөс хаа сайгүй харагдах хоосорч үгүйрсэн ундуй сундуй байдалтай иймэрхүү газар ямар нэгэн ажил үйл бүтдэг эсэх ч надад эргэлзээтэй санагдав. Үлбэгэр хүн ард, ноход, бүр цаасан шувуу нь хүртэл төөрсөн хүүхдийн гонгиноон адил дуунаар дээгүүр эргэлдэнэ. ...
...
Бодохнээ, галт тэрэгний буудлын хатан хаан Викториаг эс тооцвол өдрийн турш би ямарч эмэгтэй хүн олж харсангүй. Бодол санаа минь Австралийн зүг эргэж Жүдигийн дүр зүрх сэтгэл дэх ганцаардлын зангилааг минь улам чангалав. Түүнийг орхисноос хойш бараг хоёр жил өнгөрч хөлөг онгоцны маань гадаад далайд чиглэн хөдлөхөд Мельбурны Стэйшн Пьерийн адагт ганцаар зогсоод хоцорсон түүний дүр улам бүдгэрсээр. Энэ аялалаа хэн нэгэнтэй хуваалцахыг хүсч Жүдиг би үгүйлж байлаа. Амьдралын ханьгүйгээр, зүрх сэтгэлээ хуваалцах хэн нэгэнгүйгээр аливаа үйлийг хийхийн учир утга юу байнаа?
Явах цаг болж шороотой зам дээр гаргасан мөрөө хөөн галт тэрэгний буудалд хүрээд, ачаагаа аван алхахад хар ногоон уурын тэрэг исгэрэн шуугин зам дээр гарч ирэн зогслоо. Баруун-Хойд Хязгаар Буухиа хэмээгч галт тэрэг намайг ид шидийн аялалд аван одохоор хүрч ирсэн нь энэ ажээ.
Хэрэв үйлдвэржилтийн их хувьсгал уурын хөдөлгүүрээр зогссонсон бол ядаж хүүхдүүдэд арай дээр байхсан. Амрах гэж ирсэн мангас мэт өөрийгөө үүлэн уураар хүрээлүүллээ. Галт тэргэнд чалма малгайтай улсууд туранхай бор хөл гарнуудаараа хойно гуравдугаар зэрэглэлийн суудал булаалцалдахад би гэдэг хүн нэгдүрээр зэрэглэлийн тасалбар худалдаж авсандаа баяртай байв. Би хоосон байсан тасалгаагаа олж ороод зөөлөвчтэй арьсан суудалдаа санаа амран шигдлээ.
Галт тэрэг замдаа гарахад мөн л ганцаар байсан би хажуугаар өнгөрөх Карачийн дүр зурагт автан байхуйд энэ бүхэн сэтгэлийн гүн дэх танил мэдрэмжийг сэргээн амилуулав.
Би энэ бүхнийг урьд өмнө нь харсаан, харин хэзээ? Бас яаж тийм байж болно гэж? Эргэн төрөл авах гэдэгт би үнэмшдэггүй байв. Магадгүй К. Г. Юнгийн нэрлэснээр бидний нийтлэг өнгөрснийг илтгэдэг “хурсан үл мэдэхүй” гэгчийг би мэдэрч байсан ч юм билүү. Эсвэл хашишийн үйлчилгээ ч юм уу. Ширвээ сахалтай өндөр туранхай залуу бодлыг минь сарниан: ‘Цай авах уу сахибаа?’ гэв.
Тоглож байна уу? гэж би бодов. Сахиб бол ганц аяга цайнд арван фунт төлнө, гэтэл үйлчлэгч гүц дүүрэн цайг нэг руппигээр өглөө. Амтат шингэн биеийг минь хүч тэнхээгээр сэлбэх агшинд үйлчлэгч оройн хоолны захиалга авав. Би өдөржин юм идээгүй тул хоолны цэсэнд юу ч байсан хамаагүй байв. Карри дэндүү халуун байсан ч бүгдийг нь залгиж орхиод усаар хоолойгоо сэрүүцүүлж, халуун чинжүүнд амёб, гиардиа нь түлэгдэж үхэх биз гэж бодов. Тэр шөнөдөө, галт тэрэгний хөдөлгөөнд нь бүүвэйлэгдэн, дугуйн тачигнаанд нь ховсдуулсаар Хинду Кушт хором бүрээр дөхсөөр би гүн нойрондоо автлаа.
Үргэлжлэлд Гуравдугаар Бүлэг
No comments:
Post a Comment