bluefire

Monday, October 19, 2009

Adrian Feldmann: Салхинд Туугдах Навч: Нэгэн Амьдралын Аян (Оршил, 2-р хэсэг)

Анх би Буддын Сургаальтай учрахад энэ сургааль надад зовлонгийн шалтгаан бол амин хувиа хичээх үзэл гэдгийг батлаж өгсөн юм. Хувиа бодох нь биеэ тоох, шунал ба уур гэх аз жаргалыг эрж олоход маань хор болсон сэтгэл хөдлөлийг бий болгодог.

Хамгийн чухал нь тэдгээр сургаалиуд миниймхэрлэн барих сэтгэлийг хэрхэн дарах арга замыг заадаг юм. Асуудал бидний сэтгэлд байгаатай адилаар үүний шийдвэр нь ч бас бидний сэтгэлд л байна. Тэдгээр хорт муу сэтгэлийн хөдөлгөөнийг хүсдэггүйээ гэж бид хүлээн зөвшөөрч болох ч бидний байгаа байдал энэ мэдлэгийн маань эсрэг зүйл болон хувирсан байдаг. Бидний хүссэнээр амьдрал үргэлжлэхгүй болмогц уурлан цухалдаж, бахархал омогшил, хүсэл тачаалаа зүрхнийхээ хамгийн сайн нөхөр болгон нандигнан хадгална. Бид бусад хүмүүс болон эд хогшил маань сэтгэлд хүрэхээ болиход тэднээс маш амархан бурууг нь хайж олцгоодог. Хааяа л нэг бусдад буруугаар хандаж байгаагаа ухаарч ухамсарладаг. Өвчний шалтгааныг мэдсээр байж зөв эмийг нь уухгүйтэй адил зовлонгийн үндэс нь миниймхэрлэн барих үзэл гэж мэдсэн ч  ерөндөг нь болсон билиг-билгүүн хийгээд энэрэн нигүүлсэхүйг бий болголгүйгээр бидэнд энэ мэдлэг ач тусаа өгөхгүй ээ. Үүнийг хэрхэн яаж сэтгэлдээ үүсгэх вэ гэвэл бид өөрсдийн сэтгэлээ таньж, сэтгэл дэхь муу зуршлаасаа салахад тохиолдох бэрхшээлүүдийг хэрхэн даван гарах вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Энгийн үгээр бол оюун санаандаа компьютер тоглоом тоглож байгаатай адил юмаа. Бид дотоод хусэл зорилгодоо хүрэхээр тэмүүлж байхдаа сэтгэл доторх гэнэтийн олон саадыг танин мэдэж, даван туулах ёстой. Христийн шашинд Чандмань Эрдэнийг хайх нь тэр хувь хүний  Эзэнтэй нэгдэх нууцлаг нэгдлээ төгс төгөлдөрт хүргэх дэвшил гэж зүйрлэвэл Буддын Сургаалийн Чандмань Эрдэнэ бол бидний сэтгэлийн билиг-билгүүн болон энэрэн нигүүлсэхүйн нэгдэл билээ. Эзэнтэй нэгдэхүй болон билиг-билгүүн энэрэн-нигүүлсэхүйг сэтгэлдээ бий болгох нь нэгэн адил агаад ижил зүйл гэдэгт би бээр итгэнэм.









Чандмань Эрдэнээ олох эрэлдээ би хүний нийгмээс бүрэн тусгаарлагдах гурван жилийн бясалгалаа эхлэх гэж байна. Үүнээс богино ч бас урт ч айж болно. Энэ бясалгал нь гадаад ертөнцөөс тусгаарлагдан ямар ч харилцаа холбоогүй байх юм. Хоол хүнсийг маань бэлдэх хүмүүс ч харагдах ч үгүй сонсогдох ч үгүй байх болно. Тасалгааны маань хана миний хөдөлгөөний хязгаар болох агаад мод цэцэг тарих, унших, бичих ба орон байраа гоёж чимэглэхэд би цагаа үл зарцуулна. Эдгээр үйл нь юмсын мөн чанарыг таних (*) зорилгод минь харшлах болно. Анхаарал, сэрэмж болон төвлөрлийн тусламжаар хүрэх миний зорилт бол сэтгэл хөдлөлөөр цалгисан мөрөнгөө билиг билгүүний дөлгөөн их тэнгисийн зүгт  нийлүүлэх билээ.





Будда хоёр мянга таван зуун жилийн өмнө Энэтхэгт хан хүү болон мэндэлжээ. Төвдийн Буддын шашны уламжлалаар тэрээр аль хэдийн үхэх төрөхийн эргэлтээс гэтэлсэн, гэгээрсэн байсан юм. Ийнхүү төрсөн нь тэрээр бусдыг зовлонгоосоо гэтлэн, мөнхийн аз жаргалд хүрэх хүслийг бадраах арга нь байлаа. Магад гарахуй (renunciation), их нигүүлсэл (бодь сэтгэл, bodhicitta), юмсын мөн чанарыг үзэх билиг билгүүн (wisdom) гурав нь зовлонгоос гэтлэх зам мөр гэдгийг өөрийн амьдрал болон бусдад айлдсан сургаалиараа заасан юм. Будда хааны ордны жаргал цэнгэл, тансаглалыг орхин даянч иог болсон нь бидний аз жаргал хэмээн үздэг таван мэдрэхүйн тааламж, тэдгээрт харгалзах биетүүд найдваргүйг харуулсан хэрэг. Бидний жаргал хэмээн бодох эдгээр нь мөнхийг жаргалыг өгч чадахгүй ба үүнд дурлан автах нь биднийг өвдөх, хөгшрөх болон үхэхийн зовлонроор мөнхөд нэвчихэд хүргэдэг. Тиймээс зам мөрийн эхний алхам бол таван мэдрэхүйн хүслийг тэвчих. Тэгээд тэр цагийн шашны гайхамшигт багш нарын айлдваруудыг сурч гүйцээсний дараа Будда, эдгээр сургаалиуд нь зовлонг дарах бүрэн гүйцэт ном биш гэдгийг харуулжээ.



Тэр Бодьгаяа дахь Бодь модны дор бясалгаж,  дөрвөн үнэний сургаалаараа хэрхэн гэгээрэлд хүрсэнээ хэлсэн юм: бидний амьдралд жинхэнэ сэтгэл ханамж гэж үгүй; учир нь урьд үйлдсэн үйлийнхээ эрх (карма) болон сэтгэлийн хор болсон сэтгэлийн хөдөлгөөнүүддээ захирагдаж байдаг; нэгэн боломж болох нирваан нь зовлон болон зовлонгийн шалтгааны маань эцэс төгсгөл юм; нирваанд хүрэх зам нь үнэмлэхүй  мөн чанарыг таних билиг-билгүүн. Энэ билгүүн ухаан нь миниймхэрлэн (selfishness) барих үзлийн үндэс ёзоор болсон мунхагийн шууд ерөндөг. Бүгдэд тэгш сэтгэлээр ялгаваргүй хандсанаар тэдний тусыг бүтээх нь зам мөрд орохыг хүссэн хэн бүхний тусын тулд ертөнцийн хаа ч биелэн гарч ирч чадах Бурханы Хутагтанд (Buddhahood) хүрэх арга гэдгийг Будда олон жилийн туршид тоолшгүй олон шавь нартаа сургажээ. Бид бүгдэд Бурханы Хутагт буюу гэгээрэлд хүрэх бололцоо байдаг  авч бидэнд тэр замыг заагч хэрэгтэй.



Миний гурва
н жилийн бясалгал маань Буддын гэлэнгийн амьдралаар явснаас хойш бараг гучин жилийн дараа эхэлж байгаа бөгөөд энэ хугацаанд би бээр олон сайхан эрдэмт багш нараас ном хүртэж, бясалгаж явлаа. Заримдаа өөрийгөө ертөнцөөс таслах гэлээ гэж буруутгагдаж байсан боловч миний хувьд үүнээс өөр арга зам үгүй. Тогтсон үзэл бодлоос ангид, юмсын мөн чанарыг таних билэг ухааныг номноос эсвэл бусдаас олж авч чадахгүй ба гагцхүү  сайн багш нарын удирдлагаар бясалгасны хүчинд олж авч болдог. Эхлээд тэр багш биднийг бусдад хор хүргэхгүй, ёс суртахуунтай амьдрахад үлгэр дууриал болдог. Дараа нь бид оюун ухаанаараа амьдралын мөн чанарыг ойлгож, сэтгэлээ энэрэн хайрлахад тухайлан дадуулдаг. Ингэсний дараа алслагдсан бясалгалын орчинд юмсын мөн чанарыг зөвхөн мэдэх биш шууд үзэх билэг ухааныг хөгжүүлэх нь амин чухал. Урт хугацааны бясалгал бол хувиа бодсон үзэл биш агаад үүний зорилго нь бусдад Будда мэт дээд төвшинд хүрсэн багш болоход өөрийгөө бэлтгэхэд оршино.  





Заримдаа  миний зорилго биелж болох эсэхэд би эргэлздэг. Олон жил гэлэнгийн амьдралаар явсан ч сэтгэл минь дадаагүй. Би хэдхэн хормоос илүүтэйгээр төвлөрч чаддаггүй ба хүсэл уур хоёр маань бас л хяналтаас гарчихдаг. Гурван жил, бүр гучин жилийн дараа ч миний сайн багш болно гэдэг баталгаагүй. Гэвч ганцхан үхэл л намайг үүнээс салгаж чадна. Бас тэр дөлгөөн тэнгистээ би хүрч чадахгүй ч оролдлого маань бусдад ач тустай байх болно. Энэтхэгт нэгэн найз маань албан тасалгааны хаалган дээр "Санжит Рой (унасан)" гэж бичсэнийг уншаад гайхширч байсныг би санадаг юм. Найз маань асуухаас нааш санаа нь амрахгүй байх байсан юм. Ноён Рой тайлбарлахдаа "Хуулийн сургуульд сураад унасан ч огт сураагүй байснаас хамаагүй дээр бөгөөд тэгээд ч надад үйлчлүүлэгчиддээ барих ямар нэгэн тусгай юм байдаг" гэж билээ. 





Чандмань Эрдэнээ би олохгүй ч байсан бусдад өгөх ямар нэгэн зүйлийг би олж авна гэдэгтээ итгэлтэй байна.



Одоо харин би юу өгч чадах вэ гэвэл одоог хүртэл туулсан амьдралын маань түүх билээ. Өөрийнхөө энэ дурдатгалыг бичих санаа анх 1980 аад онд нэгэн хуучны франц харшийг Баруун европ дахь Төвдийн Буддизмын анхны хийд болгох үед надад төрсөн юм. Дээврийн хагарсан хавтанцаруудыг сольжбайтал хуучны нэгэн Мэрсэдэс ирж зогслоо. Гуч эргэм насны эр миний франц хэл хаана ч хүрэхгүйг ойлгомогцоо англиар ярьж эхэлсэн.

     "Энэ Түвд хийд үү?" гэж тэр асуулаа.

      Би эргэн тойрноо харлаа. Үүнээс илүүгээр ердийн нэгэн францын хөдөө нутаг гэж үгүй биз. "Тийм ээ, энэ бол хийд, ядаж л эхлэл ни тавигдаж байна" гэлээ.

     "Энд түвд лам байхгүй биз" гэж тэр асуулаа.

      Нээрээ л байсан юмаа. Манай хамбатай цай уух зуураа тэр залуу өөрийн түүхээ ярьсан юм. Нэгэн удаа эзэн-тэнгэр мэт (god-like) хэн нэгэн түүнд үзэгдэж, Өмнөд Францад, гэрийнх нь ойролцоо долоон жилийн дараа Түвдийн Буддист Хийд байгуулагдах болно гэж хэлжээ. Тэгээд тэр хийдийн ламд өөрийн гэр бүлд хэдэн үеэр удам дамжиж ирсэн нэгэн эрднийг залуу өгөх учиртай юмсанж. Ингээд тэр явдлаас хойш долоон жил өнгөрч. Залуу хамбад жижиг боодолтой зүйл үлдээгээд явлаа.



   Хамба бид хоёр бие бие рүүгээ гайхшран харсаар хоцорлоо.

   "Наадахыг чинь харъя" гэж би инээмсэглэн хэллээ.

Хамба боодлыг задлан, бараг 3 сантиметр урт ногоон дөрвөлжин зүйлийг харууллаа. Маргад эрднийн чулуу гэж хэлэхэд мэдээж дэндүү том байсан юм.

   "Өө, энэ чинь зүгээр л шил байна" гэхэд,

   "Үгүй," гэж хамба хариулаад, "Ийм зүйл Түвдэд үргэлж л тохиолдож байдаг. Хийд барьж байхад Дака нар уулнаас бууж ирэн эрдэнийн чулуу өгдөг байсан", дака ба дагинас нар бол номын мөрд орсон дээд төвшний хувилгаад агаад өөрсдийн номын шидэт эрдмээ төгсгөхийн сацуу хүмүүс бидний үйлд ч бас тусалдаг. Энэ нь нэг үгээр бол библид дүрслэгддэг сахиусан тэнгэрүүд. "энэ хэр зэрэг үнэ хүрэхийг нь харъя" гэх нь тэр. 




Залуугийн бэлгийг бид Тулуз дахь эрднийн чулууны дэлгүүрт аваачиж үзүүллээ. Эзэн нь томруулдаг шилээр гэрэлд барьж хараад "Энэ маргад байна, Тулузад үүнийг худалдаж авах бэл бэнчинтэй хүн байхгүй, Тиймээс үүнийг Парист аваачих хэрэгтэй. Баян Арабууд ийм том чулуунуудыг цуглуулцгаадаг юм." гэлээ. Дэлгүүрээс гараад хамбаас эрднийн чулууг дахин харуулахыг хүслээ. Чулуу миний нүдэнд гялалзана. "Ямар гоё юм бэ гэж би хэлээд бид жижигхэн жаалууд адил инээлдлээ. 





Тэр оройдоо би юу болсныг эргэцүүлж бодлоо. Шинжлэх ухаанчаар хандах шүүмжлэл маань Буддизмын нөлөөгөөр баахан зөөлрөөд иймэрхүү тохиолдлуудыг хүлээн зөвшөөрч сурсан байсан. Бидний эвээн тэтгэгч дака (баатар) эсвэл энгийн тэр залуугийн алин болохыг би мэдээгүй ч миний сэтгэлд аль аль нь боломжтой санагдсан юм. Ингээд л ертөнцийг үзэх үзэл маань хэрхэн нээлттэй болсон талаар бичих хэрэгтэй гэж шийдсэн билээ.



Буддизмтай учрахаас бүр ч өмнө, үнэний төлөөх эрэл маань Пакистанд Индус Голоор найз нөхдийн хамт завиар явсан гайхамшигт аялал гэх мэт ер бусын үйл явдлуудтай учруулсан юм даг. Энэ аялал амьдралыг маань тэр чигээр нь өөрчлөх зүрх зориг шийдвэрийг өгсөн тул энэхүү өөрийн намтраа уг аялалын тухай тэмдэглэлүүдээр эхлэхээр шийдлсэн юм. Дараа нь, 1999 онд би бээр Монгол оронд далан жил коммунизмын хавчлагад оршсон Монголын Буддын соёлыг дахин сэргээхэд туслахаар Лама Түвдэн Зопа Рэнбүүчийн багшийнхаа хүсэлтээр ирсэн билээ. Монголд ирээд дөрөв дэхь өвлөө өнгөрүүлээд мөн орон нутгийн англи хэл дээрх сонинд дөчөөд өгүүлэлээ хэвлүүлчихсэнийхээ дараа энэхүү намтраа би бичиж дуусгасан. Энэ түүх эмч мэргэжилтэй эгэл хүний амьдралыг орхин, Бурханы шашинт гэлэнгийн санваар сахин амьдрахад хүргэсэн үйл явдлыг өгүүлэх болно. Миний түүх зүгээр нэг амьдралд маань тохиолдсон үйл явдлын дэс дараалал гэхээсээ илүүтэйгээр амьдралын маань хамгийн чухал босго болох гурван-жилийн бясалгал хийхэд хүргэсэн дотоод болон гадаад өөрчлөлтүүдийн тухай юмаа.   






Надад 1970 аад оны үед холын аянд гарах боломж бүрдсэн байсан бөгөөд тийм боломжгүй бас миний өөрөөсөө асууж байсан тэр л асуултын хариуг хайж буй хүмүүст зориулж би энэ намтраа бичлээ. Тэдэнд энэ ертөнцийр болон өөрсдийн амьдралыг учир утгатай болгоход нь тус болох болов уу гэж найднам. Олон улсын аймшигт терроризм бас үүнийг эсрэг бас л нэг аймшигт тэмцэл нь биднийг гарах газаргүй болгосон мэт. Учир утгагүй аллагыг бид яж зогсоож чадах вэ? Даян дэлхийд бид яаж энх тайвныг тогтоох вэ? Бидний увайгүй хайхрамжгүй үзэл бусдын төлөөх бодлоо орхиж, нийгмийг сайжруулахын оронд амин хувиа хичээх үзэлд хамгаа зориулахад хүргэх аюултай.









Нийгмийг урагш хөдөлгөгч хүч хувь хүмүүст буюу бидэнд өөрсдөд маань байдаг гэдэг итгэл үнэмшилтэй явдаг билээ би.

                   



                                                  (үргэлжлэл бий)

No comments: