bluefire

Monday, October 19, 2009

Салхинд туугдах навч

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ


ГОЛ ДЭЭР


I.
Замд Гарах Хүслэн

   Миний өвөг эцгийн талынхан бүгд жүүдүүд байсан юм. Өвөө маань Өмнөд Оросын Хазаруудын удам, Одессад мэндлээд 1908 онд Австралид цагаачлан ирсэн. IX зууны эхээр шашингүй үзэлт Хазарын хаан зөвхөн ганц бурханыг шүтэх төрийн шашинтай болохыг хүсээд, тухайн үеийн Жүдеизм, Христос болон Лалын мэргэдийг урин залж ном хаялцуулжээ. Евреин шашны номлогч ялж ард олон бээр Жүдеизмыг итгэл үнэмшлээ болгон авчээ. Лалчуудаас Зүүн европыг хамгаалж байсан, Христосын нөлөөг сөрөн зогссон энэ иргэншсэн нийгэм улс төрийн ямарч хүч нөлөөгүй, бүгдэд ад шоо үзэгддэг байсан тэр шашныг авсан нь түүхэнд сонирхолтой үйл явдал байв.

   Эмэг эхийн маань эцэг эх түүнийг жаахан байхад нь Германаас нүүн ирж суурьшсан билээ. Түүний эцэг нь Мелбурн дах хамгийн сайн янжуур хийдэг хүн байсан агаад, миний эцэг Жулс Фэлдманны төрж өссөн Бурк гудамжинд тамхины дэлгүүртэй байсан билээ. Их Хямралын үеийн ядуурал хоосрол болон эцгийнхээ мөрийтэй тоглоомонд алдах болсноос хойш ажил хийж гэр бүлдээ нэмэр болохын сацуу Жулс өөрөө сурч боловсрох гэж зүдэрч явлаа. Гэвч тэрээр Мелбурны Их Сургуульд урлаг судлалаар тэтгэлэг олж чадсан юм.
   Эцэг эх нь тийм ч шашинлаг улсууд биш байсан ч аав маань түүх болон улс төрийн ухаанаас гадна евреин шашин, сонгодог жүдеизмийн талаар нэлээд сайн боловсорсон нэгэн байсан. Тэрээр таван жил хибрү хэл заасан ба жүүдийн номлогдчын шашны зэрэг авах сургалтанд цаашид үргэлжлүүлэн суралцаж  болох байсан ч үүнийхээ оронд дэлхийн хоёрдугаар дайн эхэлхэд Австралийн Нисэх Хүчиний ангид нэгдсэн юм.
   Ээжийн маань гэр бүл, хатуу чанд Мэтодист итгэгчид XIX зууны дунд үед Англиас цагаачлан ирэгсэд байлаа. Мэтодист Эмэгтэйчүүдийн Коллежид суралцах сүүлийн хэдэн жилдээ Лорна Стинтон гэх тэрээр Ст Килда дахь, Жулсын оройн Хералд сониноо авдаг байсан, аавынхаа эзэмшлийн сонины газарт худалдагч хийдэг байв. Нисэх хүчний дүрэмт хувцастай, хар үст, өндөр царайлаг жүүд залууд дурласан тэрбээр 1941 онд Жулстай гэрлэж хуримаа хийжээ. Лорна евреин шашинтан биш байсан тул аавын маань сүмийн хэдэн улсуудыг цухалдуулж байсан хэдий ч тэдний эсэргүүцэл аавд маань огтхон ч хамаа байсангүй ээ. 
  Жульс гэрлэснийхээ дараахан Австралын Армийн Боловсролын Төв дэхь САЛТ сэтгүүлийг үндэслэгч, ахлах сурвалжлагчаар томилогдсон ба дайн дуусахын алдад уг сэтгүүл сая гаран уншигчидтай болсон байсан юм.
   Аав ээж хоёр маань дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсний хамгийн ахмад нь миний ах Макс 1942 онд, би 1943 онд, дүү Гаая 1945 онд Гаая Фоксийн шөнө, тэгээд миний дүү охин Кэйт 1951 онд мэндцгээсэн. Аав ээж минь намайг таван настайгаас минь хойш "эрдэмтэн" гэж хочлох болсон агаад энэ нь миний ухаантайд биш, "сахилгагүй үймүүлэгч" ах Максаас минь ялгах гэсэндээ тэр. Намайг дөрвөн нас хүртэл манайх Элвүүд хэмээх Мелбурн хотын захад амьдарч байгаад тэндээсээ, Жульсийг Комонүэлт Фильм Дивизионд кино зохиолчоор ажиллахаар болоход Сидней хот руу нүүсэн юм. 

   Сиднейн Бондид бид нэгэн орон сууцны байранд амьдардаг байсан бөгөөд ах дүү бид гурав гудамжинд харин ч нэг эрх чөлөөгөө эдэлдэг байв. Бидний тоглоомын талбай Бондийн далайн эргээс Сиднейн Боомтын Роуз тохой хүрдэг байсан юм. Далайн эрэг дээр байх анхны сургуульдаа би гэрээсээ хөл нүцгэнээр эртлэн гарч, замдаа усанд сэлээд, тороо татаж загасаа шууд машинд ачих загасчдыг ажиглан хардаг байлаа. Зундаа бид ерөөсөө л далайн эргээр, Хойд Бондид нэгэн хадат цөөрөмд сэлж өнждөг байв. Эр зоригтойгоо харуулахын тулд цалгилан догшрох, хад чулуугаар хүрээлэгдсэн тэр хэсэг ус руу үсрэн харайж ордог байлаа. 
  
                                                     (үргэлжлэл дараагийн бичлэгт)


No comments: